Рет қаралды 22,080
Егүзэр хутагт Ж.Галсандаш бол Монгол төрийн тамгатай 13 хутагтын нэг, зүүн өмнөд хязгаарыг илбэн тохинуулах сайд, ачит мэргэн цорж, арилсан чин бишрэлт, хувилгаан тойн, зан бадарсан эрдэнэ мэргэн хамба хутагт, ялгуусан чин зүтгэлт, үнэн сүжигт гэгээнтэн, соён гэгээрүүлэгч, байгаль ан амьтныг энэрэхүйн экологич, хязгаар нутгийн аж ахуйг үлгэрлэгч гэхчлэн маш олон цол гуншинтай. Энэ хүний тухай энгийнээр хэлэхэд, төр, шашныг хослон барьсан мундаг удирдагч байсны дээр байгаль экологи, хүн амын эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн асуудалд маш их анхаарал хандуулдаг, эдгээр чиглэлээр тодорхой ажлуудыг эхлүүлж чадсан байдаг. Жишээлбэл, холын орноос Гандигар мод болон төрөл бүрийн эмийн ургамлуудыг нутагтаа авчирж, тарьсан байдаг. Мөн тарвага, буга, цагаан зээр зэрэг ан амьтдыг нутагтаа нутагшуулсан байдаг. Энэхүү үзэсгэлэнд эдгээрийн дээжийг авчирсан л даа. Мөн хутагт маань аж ахуй эрхэлж, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал тавьдаг байсан нь анзаарагддаг. Жишээлбэл, ваар, цаас, хөх чулууны үйлдвэрлэлийг түгээн дэлгэрүүлж, утсан хүүхэлдэйгээр сүүдэр ший тавьж, хийдийнхээ шавь нар болон ард иргэддээ сонирхуулдаг байсан юм билээ. Вааран сүмийн туурь нь одоо Эрдэнэцагаан сумын төвөөс зүүн урагш 75 км зайд байдаг. Энэ үйлдвэрийн урласан олон бүтээгдэхүүний нэг болох чулуун цоож нь манай музейд хадгалагдаж байгааг дээр өгүүлсэн шүү дээ. Эцэст нь хэлэхэд Егүзэр хутагт Ж.Галсандаш бол зөвхөн Эрдэнэцагаан сумынхан, эсвэл Сүхбаатарчуудын шүтээн биш, нийт монголчууд таньж мэдэж, хүндэлж, дурсч явах учиртай хүн. Тэр бол шашны зүтгэлтэн гэхээсээ илүүтэй төр, нийгмийн үйл хэрэгт маш олон ажлын эхлэлийг тавьж чадсан, тухайн үедээ шинэчлэгч байсан хүн.