Рет қаралды 3,134
Про подкаст №36. УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа Багануур дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Б.Чинбилигтэй "Хар тамхи мансууруулах бодисын хор уршгийн талаар" ярилцлаа.
Хар тамхины хэрэглээнд залуу үеийнхэн татагдаж, гэмт хэрэгт орсон тохиолдол нэлээд байдаг.
Буруу зан үйлд орсон өсвөр насны хүүхдийн эцэг, эх нь хүүхдийнхээ энэ талаар огт мэдэхгүй, мэдсэн ч итгэхгүй, итгэхийг хүсдэггүй.
Хар тамхи хэрэглэснээр тархи ерөнхийдөө хатангиршиж, хүнийг хөөрөлд хэт их автуулсаар байгаад сүүлдээ тэр байдалдаа хүн донтож эхэлнэ, өөрөөр хэлбэл энгийн байдалдаа сэтгэл ханахгүй, мансуурлын үр дүнд өөрийгөө мэдэрч, дутуугийн мэдрэмжээ хаядаг болохоор тухайн бодисоо хэрэглэх гэж хүснэ. Мөн бодисын солилцоо өөрчлөгдөж, бие, нүүрэн дээр юм гарах, арьсны өнгө бие байдал өөрчлөгдөх, хоол идэхээ больж, шүд унах гэх мэт байдлаар сөрөг нөлөө илэрсээр сүүлдээ тухайн хүн үгүй болно гэсэн үг.
Мансууруулах бодис хэрэглэсэн хүний нүдний хүүхэн хараа томрох, хүйтэн хөлс гарах, хэл ярианы хувьд нэлээн удаашралтай, нүдний судас тэлж улайсан, цаг хугацааны баримжаагүй, дүйнгэ байдалтай байна.
Эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч нарын хувьд хүүхдээ анхаарах дараах хэдэн зүйлс байна. Тухайлбал, зан ааш өөрчлөгдөх, царай нь цайраад хувхай цагаан болох, нүд улайх, хамраа байнга үрэх гараараа оролдох, сордог төрлийн хар тамхины хэрэглээтэй хүн бол ханиалгадаг болох, турах, нойргүйдэх, хэвийн байдлаасаа удаан хөдөлгөөн, яриатай болох, хөлсөрхөг болох, заримдаа хэт догь, сэргэлэн чадалтай мэт нэг л сэжигтэй байх, хүүхэн хараа томроостой байх гэх мэт олон шинж тэмдэг илэрдэг.
Гэмт этгээдүүд ихэнх тохиолдолд боломжтой айлын хүүхдүүдийг өөрсдийн байгаа болгодог ба эхлээд зүгээр хамтдаа хэрэглэж, үнэгүй өгөөд улмаар донтсоны дараагаар худалдан борлуулах, гартаа оруулах арга замаар үйл ажиллагаагаа явуулдаг.
Хэрэв таны хүүхэд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн талаар олж мэдвэл, шууд буруутгаад, загнаж зодоод, хүчлээд байвал улам цааш явах нь элбэг. Харин та ярилцаж, ойлголцох гэж оролдох бүр чадахгүй бол мэргэжлийн хүн, сэтгэл судлаачид хандах хэрэгтэй.
“Итгэх нь сайн хэрэг ч гэсэн, шалгаж нягтлах нь түүнээс илүү сайн” гэж үг байдаг.